ЦАР ТАХЛЫГ ХЭРХЭН ДАВАХ ВЭ?

Корона, корона, корона. Хаа сайгүй корона вирусийн тухай мэдээнүүд. Өчигдөр тэр улсад тэгжээ, энэ улсад ингэжээ, тэдэн хүн нэмж халдвар авчээ, тэдэн хүн нас баржээ гэсэн мэдээнүүд хөвөрсөөр, сүүлдээ энэ тоонуудад дасал болох шинжтэй. Бид ч 2020 оны эхэнд хангалттай айж сандарсан, хөл хорио тогтоосон, хил гаалиа чангатгасан.

Тэр арга хэмжээний хүчинд вирусийн тархалтыг дотооддоо алдалгүй, 6-р сараас хойш намрыг дуустал цар тахалгүй мэт л амьдарсан. Харин 2020-11-11 гээд өдрөөс эхлээд бид бусад улсуудын адил түгшүүр дунд ажиллаж, амьдрахаас өөр аргагүйд хүрлээ.


Түүхэндээ анх удаа хоёр сарын хугацаанд гэрийн хорионд байцгаалаа. Мэдээж энэ хэвээрээ гэр гэртээ суугаад байх боломжгүйгээс хойш дасан зохицож, хэрхэн хариу үйлдэл үзүүлэх вэ гэдгээ бодохоос өөр аргагүй боллоо. Яг өнөөдрийн байдлаар бол бусад улс орнууд үүнтэй дасах нь дасч, зохицох нь зохицоод, хорих нь хорьж дуусаад явж байгаа болохоор харьцангуй оновчтой мэдээлэлтэй болжээ. Өмнө нь гараа угаа, нүүрэндээ гараа угаалгүйгээр битгий хүр, амны хаалт зүү, олон хүн хүрсэн гадаргууд хүрэхээс зайлсхий гэдэг хэдхэн зөвлөмжөөс илүү мэдээлэлгүй байлаа. Энэ цар тахал бол олон нийтийн ухамсар, дэг журам гэхээс илүүтэйгээр хүн бүрийг хувийн зохион байгуулалтаа илүү өндөрсгөх шаардлага тавьж байгаа юм. Ариун цэврийг хамгийн дээд хэмжээнд баримтлах шаардлага. Хэрхэн дээд хэмжээнд баримтлах гэж? Ердөө дөрвөн л зүйл байгаа юм. Ягштал баримтлаарай.

  • ГАРАА БАЙНГА УГААХ:

Бактерийн эсрэг савангаар гараа угаах. Гол нь зөв угаах юм шүү. Ядаж 2 удаа савандаж угаах шаардлагатай. Яаж ч яарч байсан, гараа тайван угаагаарай.

  • ЗӨВ ХАНИАЖ, НАЙТААЖ ХЭВШИХ:

Өмнө нь бид ханиаж, найтаахдаа гарын алгаараа хаадаг байсан байх. Магадгүй шууд тэр гараараа утсандаа хүрэх, хаалганы бариулд хүрэх, цаашлаад хүнтэй гар барих гэх мэтээр элдэв вирус, нянг өөрсдийн мэдэлгүй тараадаг байсан байх. Энэ бол нян, вирус тараах олон замын нэг үндсэн арга зам нь юм шүү. Тиймээс мэдээж ямар нэг шалтгаанаар найтаах үедээ тохойнхоо дотор тал уруу ханиаж, найтааж хэвшээрэй. Ядаж хажуудах хүмүүс чинь эвгүй, муухай харахгүй шүү дээ.

  • НҮҮРНИЙ ХЭСЭГТ БУЮУ НҮД, АМ БОЛООД ХАМАРТАА ХҮРЭХГҮЙ БАЙХ:

Сонирхолтой судалгааны үр дүн гэвэл хүн дунджаар 1 цагийн хугацаанд 16 удаа нүүрэндээ ямар нэг байдлаар хүрдэг байна. Зарим нь бүүр 23 ч гэж гаргасан байсан. Үүнийг уншаад та ч мөн адил өөрийгөө мөн л тийм хэмжээнд нүүрэндээ хүрэх гээд байдгийг хүлээн зөвшөөрөх байх. Тиймээс аль болох л энэ зуршлаас салах шаардлагатай болж байна. Хэзээ хүрч болох вэ гэж үү мэдээж гараа угааж дуусаад яг дараа нь.

  • БУСАД ХҮНЭЭС ЗАЙ БАРИХ, ОЛОН ХҮН ЦУГЛАСАН ГАЗРААС ХОЛУУР БАЙХ

Ямар орчинд илүү тархаад байна гэвэл агаар солилцоо муу, хуурай орчинд. Манайх угаасаа л хуурай агаартай болохоор бидний хувьд нөхцөл байдал хүнд гэж ойлгож болно. Хүнээс хүнд халдаж байгаа учраас хүнээс хол байх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Хоорондын зай 1.5 метр буюу гурван алхам гэсэн нь ханиаж, найтаахад ийм зайд агаар дуслууд аялж явдагтай холбоотой. Бид сүргийн амьтад болохоор бусдаасаа хамааралтай. Хичээгээд хичээгээд гэрийн үүдэнд тань хүнсийг тань хүн л зөөж авчирна шүү дээ. Тэр хүн хаагуур яаж явсан нь мөн эргэлзээтэй ба түүний хүрсэн хэсгүүд буюу гадаргуу аюулгүй байсан болов уу гэх мэтээр асуудлууд урган гарна. Аль болох олон хүн дунд оролгүй, бусдаас зайгаа барихыг хичээгээрэй.

Одоо хамгийн чухал хэсэгтээ оръё. Өмнө нь бид ч хангалттай сонсоод бараг залхчихсан байсан даа. Яая гэх вэ, дахиад л ярьцгаахаас өөр аргагүй боллоо.

Гадаргууг бид яах вэ? Хаалганы бариул, лифтний товч, гар утас, төлбөрийн карт, компьютер, оффисийн орчин, дэлгүүрийн түрдэг тэрэгний бариул, лангуун дээрх бараанууд дээр корона вирус наалдчихсан байгаа нь харагдахгүй. Энэ бодол араасаа үй түмэн асуудал, айдас дагуулаастай. Магадгүй та бидний хувьд л гадаргууны ариутгал хэцүү мэт санагдавч эмнэлэг, эмч нарыг бодохоор энэ тийм ч хэцүү зүйл биш. Эмнэлгийн орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хэрхэн хийдэг вэ гэдгийг судлах нь зөв байх нь.


Эмнэлгийн орчинг үндсэн гурван аргаар ариутгадаг юм байна. Озоны хийгээр, хэт ягаан туяагаар болон зориулалтын ариутгалын бодисоор арчиж болон шүршиж. Манай бүх эмнэлгүүд эдгээр гурван аргыг гурвууланг нь зэрэг ашиглахгүй байгаа хэдий ч, энэ гурван арга л хамгийн үр дүнтэй болохыг мэргэжлийн хүмүүс бүгд мэдэж байгаа.


Саяхнаас ариутгалын хаалга хэмээх зүйл орж ирээд, Хангарди Ордноос эхлээд гадуур тавигдаж эхэлснийг анзаарсан уу? Тэр хаалга юугаараа өөр болоод онцгойлоод байна вэ? Энэ хаалга нь яг дээр дурдсан үндсэн гурван аргаар ариутгадаг юм байна. Арай дэлгэрүүлээд судалж үзлээ.

Эхнийх нь бидний сайн мэдэх наранд борлуулах арга гэж хэлж бараг болохуйц арга юм байна. Зун эхлэхтэй зэрэгцээд нарны гэрэл бол бактери, вирус устгадаг хөдөө байх нь таныг хамгаална гэж ярьж байсныг сонсоод интернет ухсан чинь эмнэлэг өвчтөнүүдээ гадаа нарны гэрэлд гаргаж байсан туршлага ч байдаг юм билээ. Нарны гэрэлд UV буюу хэт ягаан гэрэл юм. Хэт ягаан туяаны гэрлийн спектр нь бактери, вирусүүдийн бүрхүүл, уургийн бүтцийг задалж орхидог, нөгөөдүүл нь дорхноо амьгүй болж, үхдэг юм байна.

Хоёр дахь нь озоны хий гэнэ. Яагаа вэ, бороо орсны дараа агаар нэг гоё үнэртэй болчихдог тоо? Тэр үнэр чинь озон юм байна. Озон юунд хэрэгтэй вэ гэвэл бас л вирус, нянгуудыг устгадаг байгалийн хүчтэй аргуудын нэг юм байна. Хүмүүс эмчилгээнд хэрэглээд хэдэн зуун жил болсон юм байна. Эмнэлгийн хэрэгслийн ариутгалд хэрэглэдэг юм байна. Жишээ нь орны даавууг озонтой угаалгын машинаар угаадаг. Мөн өрөөний ариутгалд хивс, гадаргууг ариутгаж, халдваргүйжүүлдэг юм байна. Бас усыг ч ариутгаж байна шүү. Дэлгэрүүлж интернетээс уншаарай гэж зөвлөе.

Гуравдахь нь мананцар болгож шүршээд байгаа ариутгагч бодис буюу албан нэр нь хлорын давхар исэл. Ундны усыг хлороор ариутгадаг гэдгийг бид бүгд мэддэг. Амьдралд хэрхэн нэвтэрсэн тухай Bloomberg нэвтрүүлгээр үзэж байсан санаанд орж ирлээ. Европт халдварт өвчлөл их болоод үймж байхад нэг дураараа агаад зоригтой нөхөр нууцаар төв усны хангамжид хлор хийсэн байгаа юм. Тэгээд л хор нөлөөгүй бүүр ус ариутгадаг гэдгийг нь ойлгож, өнөөдөр ч бид крантны ус уугаад хордохгүй байгаа хэрэг. Энэ ариутгал нь хлортой болохоор цар тахлын үед хамгийн оновчтой ариутгалын нэг гэж тодорхойлогдсон байсан. Устай нийлж ариутгаж байгаа болохоор гадаргууд буюу бидний гадуур хувцсыг ариутгахад чухалт нөлөөтэй. Дан ганц COVID-19 ч биш юм шүү. Эмнэлэг, дэлгүүр гээд олон нийт цугладаг газрын үүдэнд байнга байлгаж халдваргүйжүүлэлт хийж байх нь нэн чухал санагдсан. Ялангуяа манайх шиг томуу дэгдэлт ихтэй улс.

Ариутгалын хаалга тэгэхээр бидний шийдэж чадахгүй байгаа гадуур хувцсаа ариутгахад өнөөдөр л байгаа хамгийн оновчтой арга мөн болж байна. Гэвч ажиглахад манайхан тэр хаалгаар 1 сек ч хүрэхгүй бараг гүйгээд л гарчих юм билээ. Зөв нь 3-4 сек зогсолт хийж гарах юм билээ. Тэгж байж бүрэн ариутгал хийгдэж байна гэсэн үг.

Анкет илгээх